Шилүүс газар нутагтаа хориг тавьдаг амьтан
2012-04-09,23:26
Шилүүс нь умард Америкийн сүүн тэжээлтэн муурны овгийн нэг төрөл юм. Дэлхийд нийт 12 төрлийн шилүүс байдаг бөгөөд, АНУ-ын хуурай газрын ихэнх хэсэг мөн өмнөд Канадаас
хойд Мексик хүртэлх нутгаар голчлон нутагладаг байна. Шилүүс нь махчин амьтан бөгөөд ой мод мөн элсэн тасархай, хотын зах, намаг балчигтай газрууд нь түүний амьдрах таатай орчин болдог. Шилүүсний хамгийн элбэг хоол нь туулай. Хорхой шавьж, жижиг мэрэгч амьтдаас авахуулаад бугыг хүртэл барьж иднэ. Ямар ан хийх нь газар нутгийн байрлал, улирал мөн хэр элбэг дэлбэг /шавьж хорхой, буга гэх мэт/ байхаас шалтгаалдаг байна. Яг бусад муурын овгийнхонтойгоо адилхан хэсэн тэнүүчилж амьдардаг бөгөөд өөрийн гэсэн тодорхой газар нутагт хил хязгаар тогтоон амьдардаг байна. Газар нутгийн хил хязгаарыг сарвуугаараа эсвэл шээсээрээ тэмдэглэн амьдран буй орчин тойрноо бусад амьтдаас хамгаалдаг байна. Шилүүсний орооны үе өвлөөс хавар хүртэл хоёр сарын турш үргэлжилдэг юм.
Ааш авир
Шилүүс нь ихэнхдээ орой болон нар мандах үеэр идэвхтэй ан хийдэг. Нар жаргаж, шөнө дунд болохоос өмнө гурван цагийн турш явдаг бөгөөд үүр цайж, нар мандахаас өмнө гөрөөлнө. Орой болгон хоёроос долоон мил /3-11км/ газар дадамгай сурамгай явдаг байна. Энэ зан араншин нь улирлын шинжтэйгээр өөрчлөгддөг ба өвөл хавар илүү өдөр тутмын аялал болдог байна.Газар нутгийн хил хязгаарын зохион байгуулалт
Шилүүс газар нутгаа маш сайн хязгаарлаж, хориг тавьсан байдаг ба энэ нь хүйсний ялгарал болон олзныхоо тархалтаас хамаарна. Өөрийн газар нутгаа шээсээрээ болон моддыг самардаж хил хязгаараа тогтоосон байдаг байна. Энд олон тооны нуувч өөрийнх нь үүр байдаг ба мэдээж тэмдэг тавьсан байдаг байна. Жишээ нь, модны хонгил, бөөгнүүлсэн мөчрүүд, шивэр моддууд эсвэл хадны жижигхэн агуу юм. Мөн үүрнээс нь шилүүсний үнэр маш хүчтэй үнэртдэг. Шилүүсний нутаг дэвсгэрийн хүрээний өөрчлөлт нь маш чухал. IUCN-ын хийсэн судалгаагаар 0.6-аас 326 км2 газар нутагтай байдаг байна. Канзас дахь эрэгчин шилүүс 20 км2 харин эмэгчин шилүүс үүнээс хоёрны нэгтэй тэнцэх газарт нутагладаг байна. Судалгаагаар төрөлх нутгаасаа эрэгчин шилүүснүүд хэр холдсон тархцыг тогтоожээ. Явуулын шилүүснүүд 57 км2 нутагт эсвэл түүнээс доош газар нутагт амьдардаг байна. Бусад муурны төрөл дотроос шилүүс өргөн талд хэсэн тэнүүчлэх нь элбэг байдаг. Хачирхалтай нь эмэгчин шилүүснүүд хааяа эрэгчин шилүүсний нутаг дэвсгэрт орж төөрдөг. Харин эрэгчин шилүүснүүд тэр үед маш их тэвчээр гаргадаг. Хэрэв тэдэнд хооронд нь ижилхэн хэмжээний газар нутаг байвал эмэгчин шилүүснээс хоёр юмуу эсвэл илүү их шилүүсүүд эрэгчин шилүүснийхээ эзэмшил газарт амьдардаг байна. Эрэгчин шилүүснүүд зэрэгцэн нутагласан үед хүчтэй нь хүчгүйгээ гэсэн байгалийн жам ёс үйлчилдэг.
Идшээ агнах буюу хоол хүнс
Шилүүс хоол хүнсгүйгээр олон цаг явж чаддаг бөгөөд хэрвээ олзоо агнаж авах юм бол маш ихээр идэж авдаг. Цатгалан байх хугацаандаа өөрөөсөө том биетэй агнаж чадах амьтнаа агначихаад дараа нь ирж хооллодог. Ангаа отож байгаад гэтэж эхэлнэ. Дараа нь сэм сэмхэн ойртож байгаад гэнэтийн дайралт хийдэг. Ихэвчлэн 0.7 кг-аас 5.7 кг хүртэлх сүүн тэжээлтнүүд түүний олз болдог. Энэ хоол хүнс нь бүс нутгаас хамаарч жингийн хувьд ялгаатай байдаг байна. Өөрөөр хэлбэл АНУ-ийн зүүн талд хөвөн сүүлт туулайг идшээ болгодог бол хойд талд нь цасан хөлт туулайг идшээ болгоно. Эдгээр туулайн төрөл зүйлүүд нь шинэ Англид амьдардаг бөгөөд туулай нь шилүүсний тэргүүн зэргийн хоол хүнс юм. Өмнөдийн алсад туулайнуудын оронд бас хөвөн харх шилүүсний дээд зэргийн хоол болдог байна. Шилүүс олон янзын хэмжээтэй амьтдыг агнадаг тул хэмжээнээс хамаарч агнах аргачлалаа өөрчилж тохируулдаг байна.
Жижигхэн амьтдыг жишээ нь, мэрэгч амьтад, хэрэм, шувуу, загас эсвэл шавьж хорхойнуудыг элбэг байрладаг газар нь хэвтэж, нуугдан эсвэл зогсож, хүлээж байгаад, ангаа ирэхээр нь гэнэт дайрч, олзоо хурц хүчтэй сарвуугаараа шүүрдэг байна. Арай том амьтдыг жишээлбэл туулайг нууц газраас гэтэж нуугдан, тэднийг зургаан метрээс 10 метр хүртэл ойртохыг хүлээж байгаад дайрдаг. Харин үүнээс том амьтад жишээлбэл үнэг, усны булга, өмхий хүрэн гэх мэт амьтдаар бага хооллодог байна. Мөн шилүүснүүд гэрийн тэжээвэр тахиа, шувуу, малыг тохиолдлын байдлаар агнадаг. Том төрлийн тэжээвэр амьтад морь, үхэр зэрэг амьтад руу дайрсан удаа байхгүй бөгөөд харин хонь, ямаа, хивэгч амьтдад аюул занал учруулж, агнана. АНУ-ын Yндэсний хөдөө аж ахуйн Судалгаа шинжилгээний албанаас 2004 онд шилүүс нь 11100 хонь барьж идсэн гэж мэдээлжээ. Шилүүс мөн бугыг барьж иддэг. Голдуу өвөл мэрэгч жижиг амьтад ховордож, бугийн сүрэг толгой нэмэгддэг байна. Энэ үеэр шилүүс хааяа буга барьж иддэг бөгөөд гэтэж байгаад бугыг хэвтэх үед нь хурдан дайран, хоолойг нь зуун багалзуурдаж, унагаадаг байна. Ингэж ховор тохиолдлоор шилүүс буга барьж иддэг бөгөөд цадталаа идэж аваад, үлдсэн яс сэгийг цас эсвэл навчин доор нууж нөөцөөлдөг.
Yржил өсөлт ба амьдралын тойрог
Шилүүс нь ихэнхдээ 6-8 жил амьдардаг бөгөөд 10 хүртэл ч насална. Эрэгчин шилүүс үржилд хоёр дахь зунаасаа орж, эмэгчин нь эрэгчингээ бод¬вол эрт эхний жилдээ ордог байна. Эрэгчин эмэгчин лүгээ үе үе очиж, үржилд ордог бөгөөд энэ хугацаа ерөнхийдөө өвлөөс хаврын эхэн хүртэлх хоёр, гурав¬дугаар сард үржилд ордог байна. Хосууд хөөцөлдөж, ноцолдож, янз янзын ааш авир гаргадаг байна. Эрэгчин шилүүс эмэгчин шилүүсний идэвхтэй байгааг анзаарах тохиолдолд эмэгчин шилүүсний хүзүү дээрээс баздаг байна. Эмэгчин нь өөр эрэгчин рүү явбал эрэгчин шилүүс мөн өөр эмэгчин рүү явна. Тексасын судалгаагаар үржүүлэгт газар нутгийнх нь хил хязгаар хамаардаг ажээ. Шилүүс амьдралынхаа турш үржүүлэгт идэвхтэй ордог амьтан. Эмэгчин шилүүс хээлээ 60-70 хоног тээж явдаг бөгөөд дөрөв, тавдугаар сард зулзагалдаг. Төрөхдөө 1-6 зулзага гаргадаг ба ихэвчлэн 2-4 зулзага төрүүлдэг ажээ. Эмэгчин шилүүс төрөхдөө жижиг агуй эсвэл хонхор хөндий газар төрдөг бөгөөд зулзаганууд нь 9-10 дахь хоног дээрээ нүдээ нээдэг. Дөнгөж нүдээ нээсэн зулзаганууд дөрвөн долоо хоног орчин тойрноо ажиглаж, шинжилж, хоёр сар орчим болоод хөхнөөсөө гардаг байна. Гурваас таван сарын турш ээжтэйгээ хамт амьдардаг ба жилийн дараа бие даан ан хийж, удалгүй эх болон бусдаасаа холдон явж, амьдралаа хөөдөг байна. Мичиганд хийсэн судалгаанаас үзэхэд эхээсээ салахгүй хамгийн их удсан зулзага жил өнгөрсний дараа хавар нь салж явдаг байна.
Экологи
Насанд хүрсэн шилүүс цөөн төрлийн махчин амьтдын зөрчилдөөнөөс болж үрэгддэг ба тэдгээр амьтдын гол төлөөлөгч нь пума шилүүс, саарал чоно зэрэг амьтад юм. Мөн үнэг, бүргэд, талын чоно, шар шувуу гэх мэт зарим махчин амьтдад шилүүсний зулзага бэлэн зууш болдог байна. Хоол хүнс ховор үед зарим эрэгчин шилүүс өөр эмэгчин шилүүсний зулзагыг барьдаг байна. Өвчин, осол аваар, анчид, мөн тэдний өлсгөлөн байдал нь шилүүсийг үхэлд хүргэдэг. Эхээсээ салаад удаагүй шилүүс амьдралын туршлага, ан агнах чадвар муугаас болж өлсөж үрэгдэх ч тохиолдол бий.