Шилүүсийн тухай
Шилүүсийг хонин, морин гэж хоёр янз байдаг хэмээн ярьдаг. Гэтэл тийм юм байдаггүй бөгөөд насаараа өнгө зүс нь өөр байдгийг малчид андуурч байгаа нь тэр гэнэ.
Морин шилүүс гэдэг нь арай том биерхгийг нь, хонин гэхээр дүүмэд багыг нь хэлдэг ажээ.
Сүүлийн үед говийн сумдаар шилүүс элбэгшиж байгаа ч ангийн нөөцөнд хүрэх болоогүй байна. Идэш хоол ховордсоноос болж хотонд орох тохиолдол байдаг.
Хашсан хонийг огт үргээлгүй ороод цусыг нь сорчихоод хотны банхарт ч мэдэгдэлгүй яваад өгнө. Шилүүсний нэг онцлог бол барьсан ангаа маш цэвэрхэн янзлана. Шөнө хотонд хурга майлахад л сэрдэг малчид шилүүсийг мэдэхгүй хотондоо оруулчихаад амаа барина.
Дорноговь аймгийн Мандах сумын нэг малчны хотонд амьтан орж хурга ишиг шоглоод байдаг болжээ. Хашааны эргэн тойрон мануухай босгож хоточ нохойгоо тавиад ч тусыг эс олжээ. Яаж ч манаж отож унтсан өнөө гайхал зоог барьсаар л байж. Аргаа бараад нутгийн хашир анчинд хэлж. Өвгөн ирж үзээд:
- Шилүүс байна, саравчны дээд ирмэгт хавх тавь гэж айлджээ.
Тэр айлын залуучууд шилүүсыг харсан боловч хурдан хөдөлгөөнийг гүйцэж амждаггүй байжээ. Нэг юм сүр хийн хотон дотроос нь үсрэхэд шилүүс гэхээсээ буг чөтгөр юм болов уу хэмээн эмээгээд хэлээгүй байжээ.
Учир нь өвөл хүйтрэхэд сор нь гүйцсэн шилүүсний үс хөдлөх тоолонд нь цахилгаан цэнэг хуримтлуулан гал шиг гялс хийдгийг залуучууд яахин мэдэх билээ.
Гэтэл гурав дахь шөнө дундаас хойш зочин хотны араас сэм мярайн саравчин дээрээс үсрэх гэж яваад хавханд орох нь тэр.
Ямар нэгэн амьтан хавхтай ноцолдох чимээнээр гэрт байсан хүмүүс гарч ирцгээн муур шиг дуугаран догширч байгаа огт үзээгүй амьтныг хараад гайхацгаажээ.
Учир нь тэд шилүүс үзээгүй, дээр нь хөдлөх тоолонд гэрэл цахилгаан шиг юм гялс хийхийг хараад мэл хөхөрчээ. Дээр нь хотон дахь хонь мал бужигналдаад сүйд болох нь тэр. Тэр чимээнээр сэрсэн өвгөн анчин гэрээс гарч ирснээ:
- Тэгнээ тэр, шилүүс л байна. Үсний нь сор гүйцэхээрээ ингэдэг юм гэж айлдаад калибраар бодийг нь хөтөлж шөнийн зочноосоо салсан гэдэг.
Тэгвэл бас нэг сонин тохиолдолтой дайралдсанаа улсын анчин Ч.Дөш гуай хуучилсан юм. Дөш гуайтай анхны цаснаар мөр хөөхөөр хэсэг нөхөр нь тэднийд өглөө эртлэн ирцгээжээ. Тэдэнтэй нэг сонин мөр дайралджээ. Чонынх юмуу гэтэл арай том, өргөн. Ямар ч байсан чоно бол их л том чоно байна гэж ярилцаж явтал нэг зэгэл саарал амьтан ухасхийх нь тэр. Тэд ч хойноос нь хөөж явтал хаанаас ч боссон юм хоёр саарал юм болоод цаашаа зэрэгцээд зугтааж.
Ойртож очтол нэг нь бултгас хийн замын хажууд байсан ганц хайлаасан дээр авираад гарчих юм гэнэ.
- Харсаар байтал модонд авираад гарчихдаг чоно байх юм гэж гайхацгаан хайлаасан дээр иртэл өнөөх амьтан нь чоно биш шилүүс байсан гэдэг.
Алах уу? яахав гэж ярьж байтал Дөш гуай гүйцэж ирснээ өнөөх шилүүсийг үзээд:
-Манай нутгийн ан нэгээр нэмэгджээ гээд орхисон гэдэг. Энэ тухай улсын анчин Ч.Дөш гуай :
- Ганц амьтныг агнах муу байдаг юм. Хээлтэй юмуу нялх үр төлийг нь агнасан хүнийг ямар анчин гэх вэ гэж билээ.
Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат улсын анчин Л.Чанравваанчиг гуай бас нэг сонин зүйл хуучилсныг уншигч тантай хуваалцья.
Чанрав гуай Хатанбулагт нэгдлийн дарга байхдаа айлд очоод тэднийхээс морь унан Тэнгэр нуурын тойром хавиар малгайн тоос сэргээхээр мордоцгоожээ. Тэгтэл морь нь юу ч юм нэг юмнаас үргээд хамраа тачигнуулаад байж гэнэ. Юу юм бол гэсэн чинь хажууханд нь нэг шилүүс нүүрэндээ үхрийн томоо гэгчийн хөх аргал барьчихсан хэвтэж байж гэнэ. Чанрав гуай хамт яваа нөхрөө ёворч:
-Цаадахиа хараа гэж. Хамт яваа анчин найз нь аргалын ард нуугдаж байгаа шилүүсийг харан:
-Үгүй мөн хүүхэд шиг гэнэн амьтан шүү гэж инээлдэж явсан гэдэг. Тэгээд ч ганц ширхэг аргалаар нүдээ нуусан шилүүс агнахыг цээрлэдэг бөгөөд хэрэв агнаваас хүүхэд тогтдоггүй гэж цээрлэдэг ажээ.
Мөн нялх хүүхэдтэй айл шилүүсийн сахал, чихний үсийг эсгий үнэгэнд сүвэлдэг дом байдаг гэнэ.
Эх орны дайны үед фронтод явуулах зээрийн ан хийж явтал олон зээрэн дотроос шилүүс босчээ. Шилүүс тал газар явж чаддаггүй тул дорхноо гүйцэж очоод буудаад унагачих нь тэр. Шилүүс ч цас бужигнуулан өнхрөөд явчихаж. Оночихлоо гэж бодсон анчин буугаад очтол ганцхан үсрээд анчны хүзүүнд асчихаж. Анчин сандралгүй зүрхэн тус газар нь хутгалж. Гар буугаар хоёр удаа бууджээ. Азаар сэгсүүргэн дээлийн энгэрт соёо нь орж аминд холуур өнгөрчээ.
Шилүүсэнд асуулсан хүний дээлийг араас зүсч тайлан шилүүсний соёо, базсан сарвууг хутгаар үелж байж салгасан гэдэг.
Дээрх тохиолдол шилүүс хүүхэд шиг гэнэн ч тулсан үед өөрөөсөө гарамгүй зоригтой гэдгийг гэрчилж байгаа юм.
Бас нэг сонин тохиолдол болжээ. Нэг хавар Нардын хаданд нутагладаг айлын хотноос хурга алга болжээ.
Нэг өдөр гэрийн эзэн хонио хариулж явтал хурга майлаад байх юм гэнэ. Хонь хургалаад хоцорчихож гэж боджээ. Дуу нь сонсогдоод харагддаггүй. Хурга майлсан зүгт явсаар хадны хавцалд тулж. Гэтэл өнөө майлах дуу хавцал дотор сонсогдох нь тэр. Өнгийгөөд харсан чинь шилүүсний нялх зулзага алдсан хургатай нь хамт байжээ. Хурга хавцлын хажуугаар хонь ирэхийг мэдээд майлсан нь өөрийг нь аварчээ.
Харин алдаад арваад хоносон хурга энэ хооронд юугаар хооллов гэдэг хамгийн сонин байгаа биз? Бас эх шилүүс яагаад хургыг зооглоогүй нь ч оньсого? Байгальд хүн тайлаагүй нууц гэж бас байдаг ажээ. Энэ яриаг сонсоод үнэмшээгүй бид янз бүрийн “верс” дэвшүүлсэн боловч хурга хулгай хийсэн шилүүс анх хоёр гурван зулзага гаргаж. Хоёр нь үхэж ганц үлдсэндээ хань болгох гэж хургыг идээгүй байж болох юм гэж үзсэн боловч эх шилүүс зулзага хоёр хургыг зооглохгүй гэсэн баталгаа байхгүйд л хамаг учир байгаа юм.
Юутай ч гэсэн гэрэл цахилгаан шиг хурц түргэн хөдөлгөөнтэй, сэм явдалт, хүүхэд шиг гэнэн шилүүс гээч араатанд хүн мэдэхгүй нууц байдаг ажээ.